ДЭЛХИЙН БОЛОН МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

1994 онд ЮНЕСКО-гоос 10 дугаар сарын 5-ны өдрийг Дэлхийн багш нарын өдөр болгон тэмдэглэж эхэлснээс хойш багшийн хөдөлмөр, үнэ цэнэ, нийгэмд оруулах хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүндэтгэн тэмдэглэсээр иржээ.

Монголчууд ч эрдэм номын их үйлсийг эрхэмлэн, багш хүнийг үеийн үед хүндэтгэж ирсэн сайхан уламжлалтай. Өнөөдөр бид дэлхийн багш нарын 32, Монголын багш нарын 60 дахь өдрийг тохиолдуулан Тэрэлж Боардинг сургуулийг үүсгэн байгуулсан эрхэм удирдлагууд, үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгчид, боловсролын үйлсэд сэтгэл зүрхээ зориулан ажиллаж буй нийт хамт олондоо баярын мэнд дэвшүүлж байна!

Нэг багш нэг хүүхдийн ирээдүйг өөрчилж чадна.

Харин нэгдмэл зорилго тэмүүлэлтэй хөдөлмөрч багш нар нэгэн үеийн ирээдүйг бүтээж чадна.

Бид өөр өөр хичээл зааж, өөр өөр үүрэг хүлээдэг ч нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэдэг. Тэр нь мэдлэгтэй төдийгүй хүнлэг, хариуцлагатай, эх орноо хайрладаг, дэлхийд өрсөлдөх чадвартай ДЭЛХИЙН ИРГЭНИЙГ хүмүүжүүлэн төлөвшүүлэх эрхэм зорилго билээ.

Сурагч бүрийн амжилтын ард багшийн итгэл, тэвчээр, хайр, хөдөлмөр байдаг. Өнөөдрийн суралцагчдыг маргаашийн манлайлагч болгон бэлтгэж буй эрхэм багш нартаа баярлалаа.

Дэлхийн болон Монголын багш нарын баярын мэнд хүргэе!

Багшийн тань эрдэм шавь нартаа түгэж,

Бахархал тань үеийн үед үргэлжлэх болтугай!