Тэрэлж Боардинг сургуулийн намрын уламжлалт “Байгалийн аялал”-ыг энэ жил БУЗАН нэгдэл хариуцан, танин мэдэхүй, судалгаа, дадлага хосолсон “Дата цуглуулах аялал” хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Сурагчид цэвэр агаарт алхаж, намрын байгалийн өнгө төрхийг ажиглан мэдрэхийн зэрэгцээ Монголын ёс заншил, түүх, өв соёлтойгоо танилцаж, хичээл сургалт болон бүтээлч ажилд ашиглах боломжтой боргоцой, гишүү мөчир, навч зэрэг байгалийн материалуудыг цуглууллаа.
Энэ удаагийн аялал олон талын амьд сургалтын орчин байв. Сурагчид:
Байгальтай ойр байж, цэвэр агаарт алхах нь хүний бие болон сэтгэлзүйн эрүүл мэндэд ямар чухал болохыг ойлгож;
Байгалийн ухааны хичээлийн бүтээл, анги танхим, сургуулийн орчны чимэглэлд заавал бэлэн бүтээгдэхүүн худалдан авах бус, байгалийн материалыг зөв зохистой, эко байдлаар ашиглаж болохыг мэдэж;
Монгол гэр барих дэс дараалал, уламжлал, ёс заншилтай танилцаж;
Монголын эртний түүх, соёл, өв уламжлалын талаарх мэдлэгээ тэлэн, цаашид илүү гүнзгийрүүлэн судлах сонирхол, хүсэл тэмүүллээ нэмэгдүүлж;
Хүн ба байгаль дэлхий салшгүй холбоотой, харилцан шүтэлцээтэй оршдогийг ойлгон, уул ус, эх дэлхийгээ хайрлан хамгаалж, хүндэтгэн дээдлэх монгол уламжлалаас суралцаж;
Байгалийн намуухан дуу чимээг сонсож, орчноо ажиглан мэдэрч, сэтгэлээ тайвшруулах, төвлөрөх, бясалгах дадлага хийлээ.
Ийнхүү энэ удаагийн аялал маань зөвхөн байгальд гарч зугаалсан аялал бус — байгалиас суралцаж, түүх соёлоо танин мэдэж, дата мэдээлэл цуглуулан, олсон зүйлээ бүтээлчээр ашиглах бодит сургалтын орчин болж чадлаа.
Эх түүхээ мэддэг,
өв соёлоо дээдэлдэг,
байгаль дэлхийгээ хайрладаг,
ёс зүй, хариуцлагыг эрхэмлэдэг
ДЭЛХИЙН ИРГЭД болцгооё!










