Шинэ хичээлийн жилд бид өнгөрсөн онд бүтээсэн хичээл, сургалт, уралдаан тэмцээн, олон улсын шалгалтын амжилтаа улам ахиулж, хувь хүний хөгжлийг дэмжсэн, ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлсэн ирээдүйн манлайлагчдыг төлөвшүүлэхийн төлөө хамтдаа тангараг өргөж сургуулийнхаа сүлд дуугаар мэндчилгээ барилаа.
Манай сургуулийн сурагчид АНУ, БНСУ, БНХАУ, Швед, Канад, Австрали зэрэг улсаас ирж суралцдаг бол, БНЭУ, Болгар, БНХАУ, Фижи, Филиппин, Пакистан улсаас мэргэжлийн багш нар уригдан ажилладаг билээ. Энэ ч утгаараа найрамдалт харилцааны бэлгэдэл болгон нээлтийн үеэр сургуулийн туг болон улс орнуудын төрийн далбааг мандуулан хүндэтгэл үзүүлэв.
Мөн Кембриджийн олон улсын шалгалтад үеийн нөхдөө манлайлж, өндөр үнэлгээ авсан сурагчдад сургуулийн удирдлагаас батламж болон баярын зоогийн урилга гардуулж, урамшууллаа.
Шинэ элсэгчдийг төлөөлж 6-р ангийн сурагч Х. Анандбалжир, төгсөх ангийг төлөөлж 12-р ангийн сурагч А. Намуун нар сэтгэгдлээ хуваалцаж хичээлийн шинэ жилийн анхны хонхыг цохисноор 2025–2026 оны сургалтын үйл ажиллагаа албан ёсоор эхэллээ.
Үүсгэн байгуулагчид, эрдэмтэн багш нар, эрхэм удирдлагууд, хайртай сурагчдадаа хичээлийн шинэ жилийн баярын халуун мэнд дэвшүүлж, ажил үйлс, сурлагын өндөр амжилтыг хүсье!