Театр бол уран зохиол, хөгжим, бүжиг, дуу, дүрслэх урлаг болон бусад төрөл бүрийн урлагийн нийлбэр болох өөрийн гэсэн онцлогийг агуулсан урлаг юм. Амьдралын олон өнгө, үйл явдлыг тайзнаа жүжигчид амилуулж үзэгчдэд баяр гуниг, бахархал зэвүүцэл зэрэг олон мэдрэмж төрүүлж эцэст нь өөрийгөө, нийгмээ, түүхээ магад ирээдүйг тольдон харах боломж олгодгоороо онцгой билээ. Энэ ч утгаараа ирээдүйн соёлтой үзэгчийг бэлдэх, тайзны амьд урлагийн онцлогийг мэдрүүлэх, жүжигчид үзэгчдийн холбоо харилцааг ойлгуулах үүднээс бид ТЕАРТРЫН ӨДРИЙГ санаачлан хэрэгжүүлэв.
Энэ хүрээнд Их Засаг Боловсрол, Соёл урлагийн сургуультай хамтран ажиллаж дараах хоёр бүтээлийг сурагчдадаа толилууллаа. Үүнд:
Төрийн шагналт, нэрт зохиолч Ч.Лодойдамбын “Манай сургуулийнхан” туужаас сэдэвлэсэн хүүхдийн жүжгийг 6-8 ангид
Төрийн шагналт, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” эмгэнэлт түүхэн жүжгийг 9-12 ангийн сурагчид хүлээн авч үзэв.
Үзэгч хүүхдүүдийн сэтгэгдэл туйлаас өндөр байсны зэрэгцээ жүжгээс авсан мэдрэмжээ ар гэрийнхэнтэйгээ хуваалцан утсаар ярьж, анги хамт олноороо юу ойлгож ухаарсан, олж мэдсэнээ нээлттэй ярилцсан юм. Түүнчлэн театрын өдрийг зохион байгуулахад СӨУЗ голлох байр суурьтай оролцсон ба үе тэнгийнхэндээ театрын соёлын талаар товч зөвлөмж өгсөн. Тодруулбал:
Цаг барих соёл
Хувцаслах соёл
Бусдад саад болохгүй анхааралтай үзэх
Гар утас бусад хэрэгсэл хэрэглэхгүй байх
Уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлэх гм.
Дээрх мэдээллийн мөрөөр сурагчид маань гоёлын хувцсаа өмсөж цагаа баримтлан ирж жүжгүүдээ үзсэн нь жижиг мэт боловч цаашид томоохон соёлын эхлэлийг тавьсан үйл явдал боллоо.
Их Засаг Боловсрол Соёл урлагийн сургуулийн нийт хамт олонд талархал илэрхийлэн уран бүтээлийн олз омог улам арвин байхыг ерөөе!