ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ
Тэрэлж боардинг сургуулийн уламжлалт “ГЭР БҮЛИЙН ӨДӨРЛӨГ- 2023” зохион байгуулагдлаа. Энэ удаагийн өдөрлөгийн онцлог нь өрсөлдөөн бус хамтралд чиглэсэн ба сурагчийг гэр бүлтэй нь илүү ойлголцуулах үүднээс академик хичээлүүдийг оруулж өгсөн явдал байв. Өдөрлөгийн үеэр бид дараах төвүүдэд зочилж олон талт үйл ажиллагаанд хамрагдсан юм.
Үүнд:
- Хамт суръя: Англи хэлний хичээлийг хэрхэн суралцдагаа нээлттэй хичээл хэлбэрээр гэр бүлийнхэндээ харуулж, багшийн өгсөн чиглэл даалгаврын дагуу суралцсан зүйлсээ хуваалцан, хичээлээ нэгтгэн дүгнэж сурсан.
- Хамт бүтээе: Дүрслэлийн урлагийг ашиглан өөрсдийгөө хэрхэн өөр байдлаар илэрхийлж болдог талаар, мөн бидний хувь хүний зан байдал, сэтгэл хөдлөл хэрхэн дүрслэгддэг талаар мэдэж авлаа.
- Хамт дуулъя: Дуулах нь стрессийг бууруулж, дархлаа, уушгины үйл ажиллагааг сайжруулж, анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлж, бие махбод болон сэтгэл санааны өвдөлтийг даван туулахад туслахад ид шидтэй. Бид хамтдаа хөгжмөөр дамжуулан холбогдож, бүх хүн дуулж чаддаг талаар суралцсан.
- Хамт хичээе: Товчхондоо бол та хүүхдээ юуг хэрхэн сурч, ямар их хөдөлмөр гарган боловсрол эзэмшиж буйг ойлгуулах зорилготой өртөө. Гадаад багш нар голлон хичээл зааж, тест бөглүүлж, томчууд хүүхдүүд хамтдаа оролцсоноороо онцлог юм.
- Хамт тоглоё : Заримдаа бид том хүн байсаар хүүхэд байснаа мартчихдаг шүү дээ. Хамтдаа тоглох нь биднийг буцаад хүүхэд насанд маань хүргэж өгдөг ба жинхэнэ өөрөөрөө байж, үрстэйгээ чацуу болж биесээ илүү ойлгон, хүлээн авч, хүлээн зөвшөөрч болохыг сурлаа.
- Хамт ярилцъя: Өдөр тутмын харилцан ярианд бид дотоод дуу хоолойгоо гаргах нь ховор байдаг. Энэ өртөөгөөр бид бие биеийнхээ нүд рүү харж, чин сэтгэлээсээ ярилцаж, дотоод “би” гээ нэгэндээ танилцуулсан юм.
- Хамт тухалъя: Анги удирдсан багш нар гэр бүлүүдэд хамгийн чухал мэдээллийг өгч, нээлттэй асуулгад хариулж, гэр бүлийн оролцоог дэмжсэн өртөө байлаа.
Ийнхүү суралцагчид маань нэгэн өдрийг хайртай гэр бүлийн хамт өөрсдийн байрлаж, сурч, хөгжиж буй эко бүсэд дурсамж бүтээж, нэг ангийн тохой нийлүүлсэн сурагч болж, хамтаа шинэ хичээл сурч, хамт нэгэн бүлэг болж асуудлыг даван гарч, найзууд мэт хөгжилдөн тоглож, чин сэтгэлээсээ ярилцах зэргээр олон үйл ажиллагаанд оролцсоноор бие биенийхээ талаар илүүг ойлгож авсан онцгой өдөр байв.
ХҮРЭЛЦЭН ИРСЭН ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА
ХҮҮХДЭДЭЭ ЗОРИУЛСАН ЦАГ ХУГАЦАА ХЭЗЭЭ Ч ҮР ДҮНГҮЙ БАЙДАГГҮЙ.