2022-2023 оны хичээлийн жилд ТБС нь сурагчдын өөрөө удирдах байгууллагаа шинэчлэн зохион байгуулж “Сурагчдын засгийн газар” (Student goverment) нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Сурагчдын засгийн газар нь хууль зүй, байгаль орчин, гадаад харилцаа, боловсрол, соёл, спорт эрүүл мэнд гэсэн зургаан яамтай ба өөр өөрийн чиглэлээр сурагчдын эрх ашгийг хамгаалах, оролцоог хангах, манлайлах үйл ажиллагаа тогтмол явуулдаг юм. Энэ удаад сурагчдын “ Засгийн газрын” гишүүд маань бүрэн бүрэлдэхүүнээрээ улсынхаа Засгийн газрын ордонтой танилцаж, есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлэв.
Хилийн чанадад өндөр боловсрол эзэмшээд ирээдүйд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэлтэй сурагчид маань ийнхүү төрийнхөө ордонд хөл тавилаа. Эх орондоо хайртай, ирээдүйгээ гэгээлгээр харж чаддаг хүндэт шавь нартаа ирээдүйд хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, иргэний зоригтой иргэн болон төлөвшиж, төрөө түшилцэж түмэн олноо хүндлэгдсэн эрхэм хүмүүн болохыг ерөөе!