“БАЙГАЛИЙН ДАТА ЦУГЛУУЛАХ” АЯЛАЛ

Урлаг мэт үзэмж тансаг намар цаг хэдийн иржээ. Дөрвөн улирлын шинжийг агуулсан энэхүү улиралд бид явган аялал хийдэг уламжлалтай. Энэ удаагийн аялалд нийт багш сурагчид анги ба бүлгийн зохион байгуулалтаар оролцсон бөгөөд сургуулийн байршил болох Горхи Тэрэлжийн Орог ямаатын амаас “Болорын агуй”-г зорьсон маршруттай байлаа.

Энэ жилийн аяллыг байгалийн ухааны заах аргын нэгдэл /БУЗАН/ зохион байгуулсан ба сурагчид байгалийн гоо зүйг мэдэрч, эрүүл мэндээ дэмжин алхахын зэрэгцээ хичээл сургалттай холбоотой дата цуглуулснаараа онцлог юм.

Тухайлбал навч, боргоцой, өвөрмөц хэлбэртэй модны үндэс гэх мэт байгалийн ухааны хичээлүүдтэй холбоотой зүйлсийг цуглуулж, аяллын талаар вэб хийн мэдээлэл байршуулах, цуглуулсан өгөгдлөөс дата бүртгэн, график байгуулж дүгнэлт гаргах юм.

Аялагч хүүхдүүд маань өөрсдийн санаачилгаар “Байгальд ээлтэй аялъя” уриаг дэвшүүлэн дахин боловсруулагдах хог хаягдлыг цуглуулан ирснийг зохих цэгт хүргэсэн болно.

Жич: Аяллаас сурагчдын бэлтгэсэн видео контентыг удахгүй толилуулна.