ГАЛ ХӨГЖӨӨХ НААДАМ БОЛЛОО

Ерөнхий Боловсролын Тэрэлж боардинг сургууль 2022-2023 оны хичээлийн жилийн нээлтийг тохиолдуулан гал хөгжөөх наамдыг “Дөрвөн тэнхмийн уулзалт” нэртэйгээр зохион байгууллаа. Тус наадмыг угтан “Шидтэнгүүдийн оройн зоог”-ийг зохион байгуулсан ба сурагчид анх удаа ангиараа бус тэнхмээрээ хамтдаа зоог барьж буй нь энэ билээ.

Бид сурагчдын тэгш оролцоог хангах, багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх, ахлах ба дунд ангийн сурагчдын холбоог сайжруулж, харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор 6-12-р ангийн нийт сурагчдыг нас, хүйс эн тэнцүү дөрвөн тэнхимд хуваан томоохон үйл ажиллагаанд оролцуулдаг уламжлалтай. Ингэхдээ Кембриджийн хөтөлбөрийн өлгий болох Английн алдарт “Харри Потер” зохиол ба киноноос сэдэвлэн тэнхмүүдийг нэрлэж, ахлагчдаа сонгодог.

Зохиол дахь Хогвартс /Hogwarts/ сургуульд шидтэн бэлтгэж ид шидийг хэрхэн ашиглаж, удирдах талаар заадаг бол Тэрэлж боардинг сургуульд ирээдүйн эрдэмтэн, манлайлагч, үнэнч шударга, нийтэч, харилцааны ёс зүйтэй, олон талт чадвартай орчин цагийн бодит “шидтэн”-ийг сургадаг гэсэн агуулгыг үүгээр илтгэв.

Наадмын үеэр Gryffindor, Ravenclaw, Hufflepuff, Slytherin тэнхмүүд өөрсдийн онцлогийг илэрхийлсэн урлагийн үзүүлбэрийг багшийн оролцоогүй бие даан бэлтгэж мэндчилгээ дэвшүүлсэн ба бүх хүүхдийг жигд хамруулснаараа  онцлог байлаа.  

 

Тус арга хэмжээнд урилгаар “Тоонот” продакшны уран бүтээлч, жүжигчин, дуучин, СТА Б.Баяржавхлан /Jason/  уригдан ая дуугаа өргөсөн бол Үндэсний Урлагийн их театрын бүжигчин, СТА Ц.Энхжин шидтэний бүжгээр галыг хөгжөөв. Хүүхдийн төлөө ЗА гэж хэлэн бидний үйл ажиллагаанд хамтран оролцсон эрхэм уран бүтээлчдэдээ сургуулийнхаа хамт олны зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон хүүхэд багачуудынхаа хичээлийн шинэ жилийн сурах их үйлсэд нь амжилт хүсье!