card

ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ

Тэрэлж боардинг сургууль- Элсэлтийн журам

Ерөнхий мэдээлэл

ТЭРЭЛЖ БОАРДИНГ СУРГУУЛИЙН 2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ 2025.05.10

Еренхий боловсролын Тэрэлж боардинг сургуулийн элсэлтийг зохион байгуулах явцад үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

НЭГ. Элсэлт

  • 6-12-р ангид элсэлт авна.
  • Анги дүүргэлт 24 хүртэлх сурагч байна.
  • Элсэгч нь өмнөх сургуультай бичиг баримт болон төлбөр тооцоог дуусгасан байна.
  • Сургууль алслагдмал байршилтайгаас үүдэн эмнэлгийн тусламж үзүүлэхэд хугацаа шаардагдах тул элсэгч нь эрүүл мэндийн онцгой заалтгүй байна.

ХОЁР. Бүртгэл

  • 1-р шат: Цахимаар товч анкет бөглөх.
  • 2-р шат: Англи хэл, Математикийн түвшин тогтоох шалгалт өгөх ба эсээ бичих /Хилийн чанадаас болон олон улсын хөтөлбөртэй сургуулиас элсэгчид байгалийн ухааны хичээлийн шалгалт нэмэлтээр өгч дүн дүйцүүлах/. 
  • 3-р шат: Зан төлөв, темперамент тодорхойлох тест өгөх.
  • 4-р шат: Түвшин тогтоох шалгалт ба зан төлөвийн сорилд тэнцсэн сурагч асран хамгаалагчийн хамт ганцаарчилсан ба хамтарсан уулзалт ярилцлага биечилж болон цахимаар хийнэ.
  • Дээрх сорилуудын дүн болон дараагийн шатанд тэнцсэн эсэх талаарх мэдээллийг шалгалт өгснөөс хойш 48 цагийн дотор бүртгүүлсэн и-мэйл хаяг болон утсаар мэдэгдэнэ.
  • Дөрвөн шатны дундаж үнэлгээгээр 60% ба түүнээс дээш үнэлгээ авсан сурагчид суралцах эрх нээгдэх ба гэрээ байгуулж баталгаажуулна.

ГУРАВ. Төлбөр

  • Жилийн төлбөр 27 000 000 (хорин долоон сая) төгрөг байна.
  • Сургуулийн дүрэмт хувцасны иж бүрдэл 450 000 (дөрвөн зуун тавин мянга ) төгрөг байх ба үндсэн төлбөрт багтаагүй.
  • 2025 оны 08 сарын 15-ны дотор төлбөрийн 50%-ийг төлснөөр элсэлт баталгаажиж "Сургууль-Сурагч-Эцэг эх"-ийн гуравласан гэрээ хийгдэнэ.
  • Төлбөр төлсний дараа элсэгчийг ангийн бүртгэлд оруулж багш ажилчдад сурагчийн талаар мэдээлэл өгнө.
  • Заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол бүртгэлийг цуцалсанд тооцно.
  • Жилийн төлбөрт олон усын шалгалт /Cambridge Check point, IGCSE, AS, A Level, IELTS, SAT г.м/-ын үнэ багтаагүй болно. Хэрэв сурагч олон улсын шалгалт өгөх тохиолдолд төлбөрийг тухайн жилийн валютын ханшаар олон улсын шалгалтын төвд нэмж тушаана.
  • Орон нутгаас элсэгчид амралтын өдрүүдээр дотуур байранд байрлах бол нийт төлбөр дээр 2 200 000 (хоёр сая хоёр зуун мянга) төгрөг нэмж тушаана. Энэ тохиолдолд сурагчид сар бүрийн сүүлийн 7 хоногт заавал гэртээ харьж амарна. (21/7) Гэрээнд хавсралтаар амралтын өдрийн дэг, бусад хариуцлагыг тусгасан хавсралт үйлдэнэ.
  • Нэг айлын хоёр хүүхэд ( төрсөн ах дүүс, ихэр ) суралцвал хоёр дахь сурагчийн сургалтын төлбөрөөс 1 700 000 (нэг сая долоон зуун мянга) төгрөг хөнгөлнө.
  • Нэг айлын гурван хүүхэд суралцвал гурав дахь сурагчийн сургалтын төлбөрөөс 3 400 000 (гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг хөнгөлнө.

ДӨРӨВ. Бүрдүүлэх материал

  • Шалгаруулалтад тэнцэж, урьдчилгаа төлбөрөө төлсөн сурагчдад эрүүл мэндийн хуудас, бэлтгэх зүйлсийн жагсаалт, шаардагдах бичиг баримтын нэрс /эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт/-ийг цахимаар илгээх бөгөөд зааврын дагуу бүрдүүлж сургуульд ирэхдээ хавтаслан авчирч ангийн багшид хураалгана.
  • Бичиг баримт дутуу тохиолдолд сурагчийг хүлээн авахгүй.
  • Гадаад улсад сурч байсан болон Монгол дахь Олон Улсын сургуулиас шилжин суралцагсад / ASU, BSU, ISU, MOXC г.м/ нь зохих байгууллагад хандан сурч байсан сургуулийнхаа дүн, үнэлгээг Монгол Улсын боловсролын үнэлгээ рүү шилжүүлж, тухайн ангид элсэн суралцах зөвшөөрлийг албан бичгээр авчирна.

ТАВ. Нэмэлт элсэлт

  • Хичээлийн жилийн дундаас элсэн орж буй сурагч сурч байсан ангиа үргэлжлүүлэн суралцана.
  • Хичээлийн жил эхэлсний дараа буюу тухайн оны 9-12 дугаар саруудад шилжин ирсэн сурагчид бүтэн жилээр тооцон сургалтын төлбөрийг төлнө. Хичээлийн жилийн 2-р улирлаас шилжин ирсэн суралцагчийн хувьд элссэн хугацаанаас үл хамааран хагас жилийн сургалтын төлбөрийг 100% төлнө.

Холбоо барих утас: 86791111, 86621111 /Монгол хэлээр/, 86671111 /Англи хэлээр/

Веб сайт: www.tbs.edu.mn

И-мэйл хаяг: [email protected]