Ногоон бүс, үзэсгэлэнт Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрлах Кембрижийн хөтөлбөртэй Монголын анхны боардинг сургууль болох “Тэрэлж Боардинг Сургууль” 2026–2027 оны хичээлийн шинэ жилээ ёслол төгөлдөр нээлээ.
Шинэ хичээлийн жилд бид өмнөх амжилтаа улам бататган, хичээл сургалт, олон улсын шалгалт, урлаг, спортын уралдаан тэмцээнд шинэ амжилт бүтээхийн зэрэгцээ ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлдэг, мэдлэг боловсролтой ирээдүйн манлайлагчдыг төлөвшүүлэх эрхэм зорилгын дор нэгдлээ.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр багш, сурагчид сургуулийнхаа сүлд дууг дуулж, хамтын үнэт зүйл, хүсэл тэмүүллээ илэрхийллээ.
Манай сургуульд Монгол Улсын чадварлаг багш нараас гадна Болгар , БНХАУ , Фижи , Филиппин , Пакистан болон Хонг Конгоос уригдсан мэргэжлийн багш нар ажилладаг.
Олон улсын найрамдалт харилцаа, соёлын олон талт байдлыг бэлгэдэн сургуулийн туг болон багш нарын төлөөлөл болсон улс орон, бүс нутгийн далбааг ёслол төгөлдөр мандуулж, хүндэтгэл үзүүлэв.
Кембриджийн олон улсын шалгалтад үеийн нөхдөө манлайлан өндөр үнэлгээ авсан шилдэг сурагчид, бэлтгэсэн багш нарт сургуулийн удирдлагаас батламж, баярын зоогийн урилга гардуулж, амжилтыг нь урамшууллаа.Мөн Хятад хэлний HSK шалгалтад тэнцсэн сурагчдад албан ёсны батламж гардуулав.
Шинээр элсэгчдийг төлөөлөн 4 дүгээр ангийн сурагч Б.Алтан-Очир, төгсөх ангийн сурагчдыг төлөөлөн 12 дугаар ангийн сурагч М.Энгүүн нар сэтгэгдлээ хуваалцаж, хичээлийн шинэ жилийн анхны хонхыг цохилоо.
Ийнхүү хүсэл мөрөөдөл, шинэ зорилго, шинэ амжилтаар дүүрэн 2026–2027 оны хичээлийн жил албан ёсоор эхэллээ.
Эрхэм үүсгэн байгуулагчид, удирдлагууд, эрдэмтэн багш, ажилтнууд, хайртай сурагчид болон хүндэт эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн баярын халуун мэнд хүргэж, ажил үйлс, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе!




