TBS САР ШИНИЙН ЗОЛГОЛТ

XVII жарны Сүрээр дарагч хэмээх Гал Морин жилтэй учран золгож буй энэ билигт сайн өдөр багш, ажилчид, сурагчид бид үндэсний дээл хувцсаараа гоёж, өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдэлж, ахмад буурлуудаа хүндэтгэн золгон, амар мэндээ айлтгаж сар шинийн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэлээ.

Дизайн технологийн багш Г.Санждансран ирэх жилийн өнгө хийморийг бэлгэдэн ерөөл өргөж, 12-1 ангийн сурагч Ц.Баргажингоо аман хуурын уянгат эгшгээр жаврыг үргээн, баярын уур амьсгалыг хөглөв. Сурагчид маань эвийн дөрвөн бэрхийг өрж, ирэх жилийн хувь заяа, хийморийг шинжин, шагайн наадгай тоглон монгол ахуй соёлоо сэргээн дэлгэрүүллээ.

Өөрсдийн гараар бэлтгэсэн амтат буузаа хамтдаа зооглон, гал голомтын халуун уур амьсгал дунд инээд хөөр бялхсан нэгэн өдрийг бүтээсэн нь хүүхэд бүрийн сэтгэлд хоногших нандин дурсамж болон үлдэв.

Гал Морин жилдээ эрдмийн өргөө минь өөдлөн дэвжиж, багшийн сургаал бат оршиж, сурагчдын оюун билиг, хийморь сүлд нь бадарч, ирээдүйн зам нь цэлмэг гэрэлтэн байх болтугай.