Манай сургууль хичээлийн шинэ жилийн нээлтдээ төгсөгчдөө урьж оролцуулдаг уламжлалтай билээ. Өнгөрөгч онд тохиосон сургуулийн 5 жилийн ойг тохиолдуулан төгсөгчдийн “TBS ALUMNI” холбоог байгуулсан. Тус холбооноос санаачлан их дээд сургуульд амжилттай суралцах туршлагаас дүү нартайгаа хуваалцах уулзалт зохион байгуулав.
Уулзалтын үеэр холбооны тэргүүн, 2024 оны төгсөгч, “King’s college London”-гийн оюутан А. Билэгсайхан, АНУ-ын Мичиган мужийн “Kalamazoo College”-ийн оюутан Б. Анар, БНХАУ-ын “Shanghai University”-гийн оюутан Ж. Одонжин нар их сургуулийн элсэлтийн онцлог, бэлтгэл хэрхэн хангах, мөн боардинг сургуулийн дадал зуршлууд их дээд сургуулийн амьдралд давуу тал болдог талаар туршлагаасаа хуваалцлаа.
Мөн хамгийн отгон 2025 оны төгсөгчдийн төлөөлөл болох Германд суралцахаар бэлтгэж буй волейболын шигшээ багийн тамирчин Д. Анар, БНХАУ-ын “Hebei University”-гийн элсэгч Г. Ганхүлэг, “Duke Kunshan University”-гийн оюутан Б. Баатарцогт нар сахилга бат, өөрийгөө бие даан зохион байгуулах чадвар, гадаад хэлний мэдлэгээ богино хугацаанд үр дүнтэй сайжруулах арга зам, спортын ёс зүйн талаар зөвлөгөө өгсөн юм.
Эрдмийн замналдаа улам их амжилт гаргаж, ирээдүйд эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахыг нийт төгсөгчдөдөө хүсэн ерөөе!